Жирэмсэн үеийн хоол тэжээл

                                         
Жирэмсэн үед шингэн, уураг, төмөр, витамин С, Витамин А, К, тос гэх мэт эрдэс витаминаар баялаг хоол тэжээл эх болон хүүхдийн аль алинд нь чухал хэрэгтэй байдаг. Жирэмсэн үедээ авах ёстой тэжээлээ бүрэн авч чадвал жирэмсэн эх бага ядрахаас гадна, жирэмсний үе болон төрсний дараа эрүүл байхын гол үндэс юм. Мөн хоол тэжээл сайтай байсан эхээс төрсөн хүүхэд төрснийхөө дараа рахит гэх мэт эмгэг өвчинд өртөх эрсдэл маш бага байдаг нь судалгаагаар нэгэнт тогтоогджээ. Тэр ч байтугай хорт хавдар, төрхийн гажгийн эрсдлийг ч бууруулах хүчин зүйл нь сайн хоол тэжээл буюу эрүүл хооллолт юм. Учир нь сүүлийн үеийн судалгаагаар хоол тэжээлээр хомс юмуу эрүүл зөв хооллодоггүй эхээс төрөлхийн гажигтай хүүхэд төрөх магадлал олон хувиар их байгааг баталсан байдаг.
Монголын нөхцөлд тохируулан жирэмсэн үед хэрхэн зөв хоол тэжээл авч болохыг бодолцон үзэж доорх хэдэн хэсэгт хуваалаа.


Ус буюу шингэн:
Өдөрт дор хаяж 2 литр цэвэр ус уух нь хамгийн чухал. Ялангуяа ураг томрох тусам уух шингэн зүйлээ нэмэгдүүлэх хэрэгтэй. Учир нь ургийн ус өдөрт 3 удаа шинэчлэгдэн солигддог. Мөн хүний биеийн 70 хувь ус гээд бодохоор өдөр ирэх тусам асар хурдтай өсөн хөгжиж буй хүүхдийг тээж байгаа эхэд ямар их хэмжээний шингэн хэрэгтэй болохыг ойлгож болно. Өдөрт 2 литр ус уухаас гадна сүү, цэвэр жимсний шүүс, ногооны шүүс гээд бусад шингэнийг уух хэрэгтэй. Өглөө ажилдаа очихдоо 1.5 литрийн цэвэр ус аваад өдрийн хоол болохоос өмнө ууж дуусгахад тун амархан. Тэгээд өдөр бас орой бусад шингэн зүйлсийг хангалттай хэмжээгээр ууж чадвал сая таны авах ёстой шингэн нөхөгдөх болно. Ингэж шингэнээ сайн нөхөж чадвал 1рт- биеийн эсэргүүцэл сайжирна, 2рт- жирэмсэн эхийн арьс язралт болон ядаргаа багасна, 3рт- цистид буюу шээсний замын халдвараас урьдчилан сэргийлэх болон эмчилж болно. Шингэнээ нөхөхийн тулд ууж болох зүйл гэвэл:
-          Цэвэр ус
-       Жимсний 100% сахаргүй, консервантгүй жүүс. Монголын Bio гээд жүүсний алим, жүрж хоёрынх нь зүгээр. Жүүсээ цэвэр устайгаа холиод ууж болно.
-          Цэвэр сүү. Дэлгүүрт зардаг савалгаатай, удаан хадгалж болдог сүү биш. Учир нь тийм сүү шим тэжээлгүй, дээр нь химийн нэмэлт бодистой байдаг. Монгол сүү үйлдвэрийн Шинэ Сүү 14 хоног хадгалдаг бөгөөд химийн бодисгүй учраас хааяа ууж болно. Гэхдээ жинхэнэ шинэ цэвэр сүүг аваад хөөрүүлээд уухыг гүйцэхгүй. Үнээний сүү аваад хөөрүүлээд хөргөгчинд хадгалаад уух нь хамгийн зөв байх. Сүүний 70 хувь нь ус байдаг бөгөөд мөн уураг, кальцаар баялаг юм.
-          Монгол лууван болон ногооны шүүс. Монгол лууван аваад жүүс шахагчаар шүүсийг нь гаргаад өдөр бүр 1 аяга луувангийн жүүс ууж байх хэрэгтэй. Энэ нь нэг талаас шингэнийг нөхнө. Нөгөө талаас А витаминаар баялаг учраас халдвар болон үрэвсэлээс хүүхэд болон ээжийн аль алийг нь хамгаална. Мөн хүүхдийг зарим төрлийн хорт хавдраас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой. Мөн заримдаа луувангийн жүүс гаргахдаа өгөрций, помидор гээд монгол ногоонуудаа нэмж болно. Тэгвэл улам л баялаг эрдэс бодисыг нөхөн авах боломжтой болно. Мөн кальцийн дутагдлаас сэргийлж болно. Орой гэртээ очоод 2 аяга жүүс гаргаад нэгийг нь уугаад нэгийг нь хөргөгчиндөө хийгээд өглөө ууж болно. Гэхдээ 1-с илүү хонуулж болохгүй.
      
     Уураг:
Уураг бол хүний биеийн эд эсийг барьж босгодог чухал амин хүчил юм. Жирэмсний эхний сараас эхлээд уургаар баялаг хоол тэжээл хэрэглэж чадахгүй бол жирэмсний хожуу үеийн хордлого болох эрсдэлтэй. Гэхдээ уургаар баялаг хоол идэхдээ аль болох шим тэжээлтэйг нь сонгох хэрэгтэй. Өдөрт жирэмсэн эх доод тал нь 70 гр уураг идэх ёстой. Уургаар баялаг хоолнууд:
-          Сүү тараг, 1 аяга тараг эсвэл сүү ойролцоогоор 7 гр уурагтай байдаг.
-          Мах, элэг, загас. Гэхдээ загас болон элгийг өдөр болгон идэх хэрэггүй, долоо хоногт 2 удаа байхад болно. Мөн эдгээр нь төмрөөр баялаг юм. Махтай хоол идэхдээ улаан лоолийн шүүс ч юмуу эсвэл витамин С-р баялаг хоол хамт идвэл төмөр нь биед илүү сайн шингэдэг. 100 гр маханд 24 гр уураг, 100 гр элгэнд 28 гр уураг байна.
-          Самар, гэхдээ газрын самар хэрэггүй, хушга болон almond  байвал зүгээр
-          Хар талх, бүхэл үрийн гурилан бүтээгдэхүүнүүд. 1 зүсэм бүхэл үрийн эсвэл хөх тарианы талханд 1 гр уураг байна.
-          Шош, буурцаг. Гэхдээ шар буурцгийн буюу дүпү гэх мэт бүтээгдэхүүнүүдийг нэг их хэрэглэх хэрэггүй. Харин хүрэн шош, вандуй зэрэг нь уураг болон эрдэс бодисоор баялаг тул хоол хүнсэндээ түлхүү хэрэглэ. 1 аяга шошонд 8 гр уураг байна.
-          Гурвалжин будаа, шар будаа, бор будаа, хөц будааг өдөр бүр хоолондоо хэрэглэж бай. Харин цагаан будааг нэг их идэх хэрэггүй. Шим тэжээл багатайгаас гадна, амархан цатгаж өөр бусад хоолоо идэх дуршил багасна. Мөн цагаан гурилан бүтээгдэхүүнүүдээс татгалз.
-          Өндөг. Өндөг нь мөн Д витаминаар баялаг. Өдөрт хоёр өндөг заавал ид. 1 өндгөнд 7 гр уураг агуулагддаг.
-          Овьёос. 1 аяга овьёосны чанамал эсвэл граноланд 6 гр уураг байна.


Витамин С:
Витамин С-р баялаг хоол унд хэрэглэж байх нь биеийн эсэргүүцэл, эд эсийн нөхөн сэргэлт болон бодисын солилцоонд чухал ач холбогдолтой. Эх ураг хоёрт хоёуланд нь энэ витамин маш их хэрэгтэй. Ялангуяа ургийн усны хальсийг бөх бат болгож, халдвараас хамгаална. Витамин С-тэй хоол хүнсийг түүхий, хагас болгосон байдлаар хэрэглэх нь илүү дээр байдаг. Витамин С-р баялаг хүнснүүд:
-          Жүржийн шүүс өдөрт заавал нэг аяга уу.
-          Киви, ананас жимснүүд нь витамин С-р баялаг бөгөөд бусад жимсийг бодвол эрүүл чанараа хадгалах онцлогтой буюу химийн бодис бага шингээдэг.
-          Амтат улаан чинжүү. Аль болох оливын тосонд хагас хуураад хэрэглэвэл илүү сайн.
-          Брокколи, цэцэгт байцаа. Эдгээр нь мөн кальцийн агууламж өндөр тул таны кальцийн хэрэгцээг хангаж чадна. Гэхдээ аль болох монголд ургасаныг нь авах хэрэгтэй.
-          Бөцай буюу Spinach.
-          Улаан лооль болон улаан лоолийн жүүс.
Бусад жимс болон навчин ногоонууд:
Өдөрт дор хаяж 2 төрлийн 2 ш жимс идэх хэрэгтэй. Гэхдээ монголын нөхцөлд эрүүл органик жимс жимсгэнэ олоход хэцүү учраас та сонголт хийхдээ тун болгоомжтой байх хэрэгтэй. Хятадаас ирсэн алим болон бусад зөөлөн гадаргуутай жимснүүдээс аль болох зайлсхий. Мөн хятад тарвас ч гэсэн тийм сайн биш. Харин жимс авахдаа аль болох байгалийн хамгаалалт сайтай, эрүүлд тооцогддог жимс байвал зүгээр. Жишээ нь Банана, Киви, Ананас гэх мэт. Мөн монголд ургасан өргөст хэмх, улаан лоолийг хоол хүнсэндээ хэрэглэж байх нь илүү дээр. Ямар ч жимс ногоог хэрэглэхийн өмнө бүлээн усаар сайтар угааж, давстай эсвэл бага зэрэг цагаан цуутай усанд сойх нь зүйтэй. Тэгвэл та болзошгүй халдвар болон бохирдлоос өөрийгөө хамгаалж чадна.
Мөн амттай юм идмээр санагдсан үед самар, үзэм идвэл зүгээр. Гэхдээ үзэм авахдаа уут савлагааг нь сайн харж химийн нэмэлт бодисгүй 100% органик гэдгийг нь баталгаажуулах хэрэгтэй, мөн угаах хэрэгтэй.
Доорх холбоос дээр дарж зарим хоолны жишээ болон уургийн хэмжээг хараарай. 
http://searchingforthebetterways.blogspot.com/p/blog-page_05.html

3 comments:

  1. Баярлалаа маш дэлгэрэнгүй мэдээлэл оруулсанд. Би Монголд байгаа дүүдээ зориулж өөрөө мэдээлэл орчуулдаг юм уу гэж бодож байлаа... харин одоо хэрэггүй боллоо. Гэхдээ энд санал нийлэхгүй хэдэн зүйл байна. Өдөрт 2 өндөг заавал идэх хэрэггүй. Энэ нь холестрин ихэсгэх аюульай. Долоо хоногт 4-5 байхад хангалттай. Бам жимсний шүүс заавал уух шаардлагагүй. Жимс байгалийн сахар ихтэй тул зөвхөн жимс идэхэд хангалттай... бидний иддэг олон зүйл биед шингэхдээ сахар болж задардаг. Харин ногоо сахар багатай тул хэтрүүлнэ гэж бараг байхгүй.

    ReplyDelete
  2. bayarlalaa. uuniig mongoliin nuhtsuld tohiruulahiin tuld zarim zuiliig zaaval gehees uur argagui bsa yumaa. hervee undug holesterin ihesgene gej bgaa bol undugnii zuvhun tsagaaniig idej bolno.mongold chanartai jims nogoo uneheer barag bhgui tul yadaj l sahariin nemeltgui chanartai shuus uuj bsan n deer bdag.

    ReplyDelete
    Replies
    1. ТИЙМ ШҮҮ ЭНЭ БЛОГ ҮНЭХЭЭР СЭТГЭЛ, МЭДЛЭГ ШИНГЭСЭН НИЙТЛЭЛҮҮДТЭЙ, ТАЛАРХАН УНШДАГ БАЯРЛАЛАА

      Delete