Saturday, November 13, 2010

Суулгалтыг байгалийн гаралтай аргаар гэрийн нөхцөлд эмчлэх нь

Суулгалт өвчний үед усархаг шингэнээр олон удаа суулгаж их хэмжээний шингэн бие махбодоос алдагддаг. Энэ нь бие махбодыг гадны хорт бодис болон халдвараас цэвэрлэх зорилготой өөрийгөө хамгаалах тогтолцоо юм. Суулгалтын үед заримдаа ходоод өвдөх, гэдэс өвдөх, бөөлжих, халуурах гэх мэт зовиур давхар илэрдэг. Тэдгээр бүх шинж тэмдэг суулгалтын цаадахь шалтгаантай шууд холбоотой байдаг. Бактерийн гаралтай, вирусын гаралтай гээд төрөл бүрийн халдварын үед суулгалт хүндрэх тохиолдол элбэг. Ялангуяа бага насны хүүхэд болон өндөр настай хүмүүс удаан хугацаагаар суулгаж шингэн алдвал эрүүл мэндэд хурдан хугацаанд муугаар нөлөөлнө. Хүчтэй эмээр суулгалтыг хүчээр зогсоож болох ч бие махбодын хорт бодис болон халдваруудыг хөөж гаргах тогтолцоог хүчээр зогсоож байна гэсэн үг юм. Мөн суулгалтыг зогсоох зорилготой олон эм бэлдмэл зарим тохиодолд ямар ч тус болж чаддаггүй нь нэгэнт тогтоогджээ. Тиймээс та суулгалт өвчний үед байгалийн гаралтай аргыг цаг алдалгүй хэрэглэж заншвал бие махбодын дархлааны системийг дэмжин сөрөг нөлөөгүйгээр суулгалт болон бусад зовиуруудыг намжаах боломжтой. Мөн суулгалтын үед улаан цусархаг шингэн алдаж байвал нэн дариу эмчид хандах хэрэгтэй. Энэ нь празитын гаралтай байна гэсэн үг юм. Мөн суулгалтын үед шингэний дутагдалд орвол эрүүл мэндэд аюултай учраас шингэнийг сайтар нөхөх нь хамгийн чухал эмчилгээ гэдгийг мартаж болохгүй. 

Танд хэрэгтэй зүйлс:
- Цэвэр ус
- Шөл
- Банана
- Алимны нухаш

- Цагаан будаа
- Лимон
- Цагаан гаа
- Идвэхижүүлсэн нүүрсний бэлдмэл
- Лууван
- Ногоон цай
- Алимны цуу
- Халуун жин


1. Их хэмжээний цэвэр ус уух. Суулгалтын үед бие махбод шингэний дутагдалд орох нь тун амархан байдаг тул цаг алдалгүй шингэнийг нөхөх хэрэгтэй. Шингэний дутагдалд орвол биеийн эсэргүүцэл суларч бие махбод халдвартай тэмцэх чадваргүй болно. Тэгвэл амь насанд ч аюул заналхийлж болох юм. Ялангуяа бага насны хүүхэд шингэн их алдсаны улмаас тураалд орох нь амархан байдаг. Мөн суулгалтын үед кафейн ихтэй зүйл, алкохоль агуулсан зүйлс хэрэглэж болохгүй. Хүн эрүүл үедээ ч өдөрт дор хаяж 2 литр цэвэр ус уух хэрэгтэй байдаг бол суулгалтын үед түүнээс илүү ихийг уух нь зөв. 

2. Хүнд хоол идэж болохгүй. Аль болох шингэцтэй, зөөлөн хоол идэх хэрэгтэй. Суулгалтын үед банана, гэрийн аргаар хийсэн алимны нухаш, цагаан будааны шүүсийг хоол ундаа болгохыг зөвлөж байна. Энэ нь нэг талаар хоол боловсруулах эрхтэнүүдэд дарамт учруулахгүйгээс гадна суулгалтыг намдаах нөлөөтэй байдаг. Банан нь витамин Б, Ц, төмөр, магни гээд төрөл бүрийн витамин эрдэсээр баялаг бөгөөд гэдэс ходоодны үйл ажиллагааг тэнцвэржүүлэх тустай. Алимны нухаш суулгалтыг намдаах тун чухал нөлөөтэй байдаг нь аль эртнээс батлагдсаар ирсэн юм. 

3. Лимоны шүүсийг шахаад устай холиод эсвэл дангаар уух нэгэн арга байдаг. Лимон нь гэдэс ходоодонд байгаа нянг устгах нөлөөтэй. Мөн лимоны шүүсээ бага зэрэг усанд хигээд дээрээс нь нунтаг цагаан гаа хийгээд ууж болно. 

4. Нэг халбага алимны цууг нэг аяга усанд хийгээд хоол идэхийн өмнө уу. Байгалийн гаралтай цэвэр алимны цуу нь гэдэс ходоодонд буй халдварт нянгуудыг устгаж, суулгалтын тоог багасгахад тун чухал нөлөө үзүүлж чаддаг ажээ. 

5. Луувангийн хальсыг цэвэрлээд сайтар болтол нь жигнээд нухаш болгоно. Тэгээд шөлтэй хоолондоо холих эсвэл алим бананы нухаштай холиод идэж болно. Лууван нь ялангуяа бактерийн гаралтай халдварын үед бие махбодод ихээхэн тус болж чадна. Ялангуяа бага насны хүүхдүүдийн хамгийн тохиромжтой хоол юм. 

6. Гэдэсний хэвийн үйл ажиллагааг дэмжиж хорт бодисыг гадагшлуулахад идвэхижүүлсэн нүүрс сайн байдаг. Том хүний өдөрт хэрэглэж болох дээд хэмжээ бол 5г. Үүнийг шахмал хэлбэрээр эсвэл нунтаглаад хоолон дээрээ цацаж хэрэглэж болно. 

7. Халуун бүлээн цай, дан шөл уу. Энэ нь гэдэс дотрыг амрааж өвчний зовиурыг багасгана. Гэхдээ кафейн агуулсан болон чихэрлэг зүйл ууж болохгүй. Харин ногоон цай, балжингарамын цай ууж болно. Эдгээр нь мөн бактерийн эсрэг өндөр үйлчлэлтэй тул өвчин хүндрэхээс сэргийлнэ. 

Ямар ч өвчний үед гараа сайтар савандаж угаахаа мартаж болохгүй. Ялангуяа бие зассаныхаа дараа гараа сайн угаагаарай. Мөн жимс ногоог хэрэглэхийн өмнө сайтар угааж, цагаан цуутай усанд хэсэг сойх нь гэдэсний халдварт өвчнөөс сэргийлэнэ. Түүхий мах, өндөг гэх мэт зүйлд хүрсний дараа мөн гараа сайтар угааж, махны мод, хутгаа тусад нь угааж ариутгаж хэрэглэх хэрэгтэй. Хоол хүнсээ зориулалтын саванд хийн хөргөгчинд эсвэл хөлдөөгчинд хөлдөөж хадгалах, ундандаа түүхий ус хэрэглэхгүй байх гэх мэт зүйлсийг амьдралдаа хэвшүүлж чадвал гэдэсний халдварт өвчнүүдэд өртөх эрсдлийг ихээхэн хувиар бууруулна.
Танд эрүүл энхийг хүсье!

No comments:

Post a Comment